Эсээ

Эсээ

Эсээ

Академич Д.Төмөртогоо багшийн тухайд арван мөчлөг

1. БАГШ ГЭРЭЛ АСААВ
Нэг мянга есөн зуун далаад он сон. Өвлийн богино өдрийн үүр цүүрээр хичээлдээ ирж, үдшийн бүрий барайгаар тарцгаадаг сан. Тэр нэгэн өглөө эртхэн ирж манай ангийнхан хийж амжаагүй даалгавараа гүйцээх гэж “хуулан бичлэг” хийцгээж байв. Монгол хэл, уран зохиолын салбарын декан Б.Бямбасүрэн багш үе үе ангиудаар явж гэнэтийн шалгалт хийнэ. Тэр өглөө манай ангид орж ирээд нүдний шилнийхээ дээгүүр биднийг тойруулан харснаа,
– Та нар хоёр лоозонг яагаад зөрчөөд байна хэмээн эргэн тойрноо нэгжих мэт харахад нь юу яачихсан юм болдоо хэмээн дор дороо бодож суух зуур гэрэл унтраачихаад гараад явчихав.
Ангид бүдэг бүрэнхий болов. Бидний хуулан бичлэг ч тасалдав.
Төдөлгүй Д.Төмөртогоо багш орж ирэв. Тэрбээр орж ирэнгүүтээ,
– Тог тасарчихсан юм уу? Яагаад харанхуй сууж байна? хэмээн асууснаа чийдэнгийн товчлуурыг дарав. Анги дүүрэн гэрэл.
Бид Намын төв хорооны хоёр лоозон болох “социалист өмч хамгаалах”, “арвилан хэмнэх” гэх мэт үгсийг ам амандаа бувтнахыг багш ойлгов бололтой.
– Залуус та нарын нүд, энэ дэнгийн гэрлээс үнэтэй. Нүдээ хамгаалах хэрэгтэй хэмээн нухацтай хэлээд хичээлээ эхлэв. Төмөртогоо багш шиг ийм онцгой цэвэр цэмцгэр хүнийг тэр үед би лав хараагүй. Сэхээтэн хүн гэж ийм л байхыг үлгэрлэсэн мэт бүх юм нягт нямбай сан. Сургуулиа төгсөөд өндөр цалинтай болоод Тө багш шиг ийм эрхэмсэг, цэмцгэр нэгэн болох сон гэж би бодож суув.
Янз бүрийн уриа лоозон үзэл суртлын ухуулга мэтэсийг дуулгавартай аялдан дагагч ноомой нэгэн болж хором бүр өмхөрч байгаа юм байна гэх ухаарал сэтгэлд гялсхийн ассаныг би ер мартдаггүй юм.
Төмөртогоо багшийн тэр өглөөний асаасан гэрэл миний сэтгэлд одоо болтол тод хэвээрээ гийсээр авай.
Эсээ

БАДРУУГАНЫ ДУУ ХООЛОЙ

Бадруугантай би далан есөн онд танилцсан санагдана. Орост сургууль төгсч ирсэн намхавтар цагаан залуу алиа хошин юм ярьж, арван хоёр утаст гитараа даран нэг оройжин бид дуулалдсан юм. Хөгжмийн зохиолч Т.Насанбуян бид хоёр тэр үед зарласан улс төрийн дууны уралдаанд Чилийн яруу найрагч, дууч, гитарч Виктор Харагийн тухай “Тэмцэгчийн дуу” хэмээх бүтээл хийсэн нь дэд байрын шагнал хүртснийг тэмдэглэж буй нь тэр л дээ. Бас бидэнтэй хамт Ж.Жаргалсайхан гэж гитарч залуу байсан юм. Улсын их дэлгүүрээс урагш байх дөчин мянгатын байшинд нэг их гоё айлд бид цугларсан маань одоо бодоход их морин хуурч Ардын жүжигчин Г.Жамъян гуайнх байсан болов уу. Хөдөөх төрх, нүүдэлч ахуйгаасаа тасраагүй би бээр хот хүрээний суугуул айлд бараг анх орсон нь тэр байж магадгүй. Болор шилэн жүнзэнд вино гэгч амтат дарсыг анх амсаж билээ. Бадрууган, Жаргалсайхан хоёр маань гитараар гарамгай тоглоно. Гадаад дуунууд дуулна. Чухам тэр үед залуусын ертөнцөд гитар моодонд орж байсан үе л дээ.
 
 
Эсээ

ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ЧОНЫН ШАСТИР

Бичгийн утгач, билгүүн гүүш Г.Акимын эл бүтээлтэй би найман жилийн өмнө анхлан танилцаж, эдүгээн онд эргэн уншиж эрхгүйеэ шимтлээ. Зохиогч бээр эл номыг цогцлоох гэж олон жил хээрийн хэц дэрлэж, үлгэр домгийн бүрэнхүйд бэдчин аялж судар номын тоос онгичиж, захидал занаагаар харилцаж, анчин гөрөөчний амнаас унасан хий болгоныг ажааран цуглуулж, соёоных нь урт, тархиных нь жинг хүртэл цэгнэж шинжиж бүтээхүйн зовлонд нь хатаж, жаргалд нь умбажээ.
 
 
Эсээ

"ГОЛ УС ХҮМҮҮНИЙ ЗҮРХЭН ДУНДУУР УРСДАГ“

Монголчууд ийн хэлэх дуртай. Хүмүүн бол газар шороо уул усны нэгэн хэлтэрхий нь бөгөөд дэлхийгээс ундрах ус булгаа эхийн сүү мэт шимэж, нэгэн насыг элээгээд буцаж газар шороондоо шингэнэ.
Нүүдэлчин монголчууд ус булаг, нуур цөөрөм гол мөрөн бүхэн эзэнтэй хэмээн үзнэ. Эгэл нүднээ үл үзэгдэх хий бод тэр амьтадыг лус хэмээн нэрлэж түүнтэй ойлголцон зохицож амьдрахыг эрхэм болгоно. Ус булагт сүү, цус, хир үл халдаахыг хичээж, гол усыг бохирдуулбаас лусын хорлол хэмээх өвчин зовлон ээрдэг хэмээн итгэнэ. Тал хээр нутагт гол мөрөн ховортойн эрхээр нутаг олноороо газар дэлхийгээ аргадаж, газар лусын эздэд аргагүйн эрхэнд хөндөж буйгаа учирлан худаг ухаж хүн малаа ундаална. Тиймээс ч бид нар “ус бол чандмана эрдэнэ” хэмээн хэлэх дуртай.
Эсээ

40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР

Яг 40 жилийн өмнө Монгол хүн сансарт нисэх тэр мөчид Хөгнөхан уулын өвөр дэх Хар хайлаастын ам хэмээх газарт хаваржиж буй Жүгдэрдэмид гуайнд сууж байжээ. Мал ид төллөж Гүррагчаагийн аав Жүгдэрдэмид гуай малаа хотлуулж, ээж Ичинхорлоо гуайн хонь тойглох уянгалаг зөөлөн аялгуу дуурсаж байсан тэр үдшийн зураглал сэтгэлд тод үлджээ.
Эсээ

Данзангийн Нямсүрэнгийн “Алтан хазаар өвс” гэж юу вэ?

Дорнын их найрагч Д.Нямсүрэн анд маань тэнгэрт одохоосоо өмнө гэргийдээ 240 шүлэг бүхий дэвтэрээ дурсган үлдээсэн байдаг. Үүнийг нь ном болгон хэвлүүлье гэсэн санаачилга гарсан даруйд миний бие “Алтан хазаар өвсний дууль” хэмээх эсээг 2005.11.1-нд бичсэн юм. Ямар нэгэн саад бэрхшээлийн улмаас уг ном 10 жилийн дараа өнөө зун хэвлэгдэн гарлаа. Харамсалтай нь анх уг номонд зориулан бичсэн миний үг 3560 хоногийн салхи бороонд хийсэн алга болчихсон санж. Аз тохиоход 2006 онд “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хийгээд өөрийн гар бичмэл минь хадгалагдан үлджээ. “Өвс сулрахад” хэмээх гайхалтай шүлгээ зориулж байсан дүү Н.Лутбаяр нь арвантаа өвс хагдарсны дараа номыг нь сайхан хэвлэж тэнгэрт буй Д.Нямсүрэн ахдаа илгээсэнд талархахын ялдамд арван жилийн тэртээ бичсэн эсээгээ ач холбогдол нь хуучраагүй байгаад баярлаж андынхаа суугаа Шамбалд илгээе хэмээн сэтгэвэй.             
                    
Г.Мэнд-Ооёо 2014.08.15
Эсээ

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

Дэлхийн яруу найргийн өдөрт
  
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар дэлхийд ганцхан, тэр нь монголын хээр талд буй бөлгөө. Цогт хун тайж хэмээн Монголын түүхийн хуудаснаа алдар нь мөнхөрсөн эх оронч, эгшиглэн шүлэглэгч тэр бээр эдүгээгээс дөрвөн зуу шүргэм жилийн өмнө намрын нэгэн өдөр Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан ахуйдаа хуягт халтараа унаад зүүн зүг харан сэтгэл машид уярч авга эгчээ санан нэгэн шүлэг хэлээд уяран уйлсныг, дагалдан явсан Эрх хиа тогтоон авсан бөгөөд түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 оны хаврын сард “Дуутын хар чулуу” хэмээх байц хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж мөнхөлжээ. Тэр цагаас хойш эдүгээ 390 дэх хавартайгаа золгож буй ажээ. 
Эсээ

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

 Алт хүмүүний ертөнцөд үнэтэй, гэвч газар дэлхийдээ илүү хэрэгтэй” хэмээн нүүдэлчид үздэг. Хүмүүн алтыг нэн эрт үеэс таньж, түүний эрчимлэг шидэт чанарыг бие сэтгэлдээ ээнэгшүүлэн эдэлсэн билээ. Алт бол хүний биед маш хэрэгтэй, гэхдээ маш багаар. Хүмүүний буян заяаны хир хэмжээг алт дэнслэх тул илүүг эдэлж үл болно.

Хүмүүний бие цогцос дотор өөрийн хир хэмжээний алт оролцсон буй хэмээнэ. Мөн алт төдийгүй бусад үнэт ховор эрдэнэс мөнгө, зэс, очир алмаас зэрэг эрдэнийн чулуулаг ч хүний биед хумхийн тоосны чинээ хэм хэмжээгээрээ буй. Тэр нь газрын хэвлийд байх ижил төрлийн үнэт эрдэнэс баялагтай нарийн шижмээр холбогдох бөгөөд од эрхисээс эрхшээх эрчим, дэлхий ба одон гаригийн хооронд солбицохдоо хүмүүний эрдэнэт биеэр бас дамжина. Яагаад гэвэл тэр эрчимлэг долгион ижил чанартайгаа таталцах хамааралтай.
Эсээ

МИНИЙ КАЛЛИГРАФИЙН ГУРВАН ЭХ УНДАРГА

Каллиграфийг бүтээх цагийг голдуу өглөөний тунгалаг нартай, эсвэл хур бороотой гэгээлэг сайхан үеийг сонгоно. Бэхээ найруулах ус нь уулын булгийн тунгалаг ундрагаас авсан амьд ус байна. Цаасан дээр өглөөн нар тусах, хур борооны дусал сүрчих, агаарын тунгалаг, өвс ургамалын анхилуун үнэрийг бэхэндээ шингээж буйгаар бясалгана. Дүрслэх зүйлээ сэтгэлдээ төвлөрүүлэн бясалгаж, хамгийн гэгээн гэрэлтэй бодол санаа, шүлгийн бадгаа санаж, цаас, бэх, бийр би өөрөө нэгэн биед нэгдлээ хэмээн санаж каллиграфаа бүтээнэ. Каллиграф бол агшины урлаг тул, засах сайжруулах нэмэж ажиллах боломжгүй.
Эсээ
TOP