БАДРУУГАНЫ ДУУ ХООЛОЙ
БАДРУУГАНЫ ДУУ ХООЛОЙ
Бадруугантай би далан есөн онд танилцсан санагдана. Орост сургууль төгсч ирсэн намхавтар цагаан залуу алиа хошин юм ярьж, арван хоёр утаст гитараа даран нэг оройжин бид дуулалдсан юм. Хөгжмийн зохиолч Т.Насанбуян бид хоёр тэр үед зарласан улс төрийн дууны уралдаанд Чилийн яруу найрагч, дууч, гитарч Виктор Харагийн тухай “Тэмцэгчийн дуу” хэмээх бүтээл хийсэн нь дэд байрын шагнал хүртснийг тэмдэглэж буй нь тэр л дээ. Бас бидэнтэй хамт Ж.Жаргалсайхан гэж гитарч залуу байсан юм. Улсын их дэлгүүрээс урагш байх дөчин мянгатын байшинд нэг их гоё айлд бид цугларсан маань одоо бодоход их морин хуурч Ардын жүжигчин Г.Жамъян гуайнх байсан болов уу. Хөдөөх төрх, нүүдэлч ахуйгаасаа тасраагүй би бээр хот хүрээний суугуул айлд бараг анх орсон нь тэр байж магадгүй. Болор шилэн жүнзэнд вино гэгч амтат дарсыг анх амсаж билээ. Бадрууган, Жаргалсайхан хоёр маань гитараар гарамгай тоглоно. Гадаад дуунууд дуулна. Чухам тэр үед залуусын ертөнцөд гитар моодонд орж байсан үе л дээ.

Дараа жил нь Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос уран бүтээлчдийн дунд дахиад л улс төрийн дууны уралдаан зарлав. Тэр үед хүйтэн дайны аюул гэж их ярьдаг, ялангуяа Орос, Америк хоёрын хооронд цөмийн цэнэгт хошуу бие биеэ онилчихсон товч дарахад бэлэн, “магадашгүй дайны” тухай үзэл суртлын бүхий л зэвсэгээр бөмбөгдөнө. Монголын залуучуудын дунд улс төрийн дууны хамтлагууд бий болж, дуу яруу найраг ч тэр зүг рүү хандаж байв. “Дайн сөнөтүгэй”, “Тэмцэцгээе”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай” гэх мэт үгсээр яруу найраг цэнэглэгдэж байсан үе л дээ. Харин тэр үед Монголын радиод хамт ажиллаж байсан хөгжмийн зохиолч Р.Энхбазар бид хоёрын зохиосон дуу “Дэлхий ээж” нэртэй. Тэмцэлд сөрж босох, эсрэглэн орж харилцан дайтах тухай биш, эх дэлхийгээ хайрлая, хайрлавал хамгаална, дэлхий мөнх наслана гэсэн утгатай байлаа. Р.Энхбазар маань аялгуугаа зохиогоод шууд л Бадрууганд өгч. Бадрууган маань ч гитартайгаа анх дуулж тэр уралдаанд бидний хамтын бүтээл “Дэлхий ээж” маань тэргүүн байр эзэлж билээ. Р.Энхбазар маань өөрөө төгөлдөр хуураа дарж, Бадрууган маань гитардаж дуулсан анхны бичлэг Монголын радиогоор өдөр бүхэн дуурсаж эхлэв. Одоогийн нийтлэг хэллэгээр бол чухам “хит” гээч болсон юм. Яруу найргаар гараагаа эхлээд удаагүй залуу шүлэгч миний уран бүтээлд ийнхүү анд нөхрийн минь дуу хоолой, гитарын эгшиглэнт аялгуу жигүүр ургуулав. Миний бодоход Бадрууган маань эх дэлхийгээ өөрийн ээж мэт ойрхоноос харж, энэрэн хайрлахуйн утга санааг дотоод сэтгэлийн илэрхий увдислаг билгүүн авъяасаараа уран чадварлагаар маш тодорхой, гүн гүнзгий илэрхийлсэн учраас л тийм хурдан түгэж, эдүгээ дөч гаруй жил дуулагдаж байгаа байх гэж би боддог юм. Түүнээс хойш олон ч хүн, олон ч хамтлаг “Дэлхий ээж” дууг дуулсан даа. Гэхдээ Бадрууганы анх дуулсан шиг тэгж зүрх сэтгэлд шууд уусан шингэсэн нь үгүй. Ер нь Бадрууганы дуулсан дуунууд нэг л өөр. Сэтгэлд шууд л ханьсаж, ямар нэгэн дотнын халуун дулаан яриаг хажууд сууж өөдөөс харж байгаад хүүрнэх мэт санагддаг билээ. Тэр үед аавынхаа шүлгээр “Уяхан хорвоон хань”, “Улаанбаатарын үдэш” зэрэг олон дуу нь хүсэлтийн хариугаар байнга дуулагдана. “Уран сайханч Бадрууган” хэмээх даруухан нэртэй. Тэрбээр Циркийн ерөнхий найруулагч, Монгол телевизийн ерөнхий найруулагч болсон хойноо ч гитартайгаа “Дэлхий ээж”-ээ дуулаад л явдагсан.
1991 онд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар байгуулагдахад Б.Бадрууган маань Соёл урлагийн хөгжлийн хорооны дарга болж, миний ажилладаг Монголын Соёлын сантай их ойр дотно ажиллаж байсан юм. “Ялангуяа түүх соёлын өвийг хамгаалах, хальж гарсан үнэт өвийг эгүүлэх талаар Соёлын сантайгаа хамтарч ажиллана” хэмээн ЮНЕСКО-гийн төлөөлөгчидтэй хийх уулзалт, оройн хүлээн авалт зэрэг бүхий л үйл явдалдаа урьж төрийн байгууллага, төрийн бус байгууллага хоёр хамтарч ажиллах нь чухал гэдэг байж билээ. Бадрууган маань “Соёлын сангаа дэмжмээр байна. Чин ван Ханддоржийн өргөөг Соёлын сан маань эзэмшээд бас хамгаалаад үйл ажиллагааг нь өргөжүүлээд явбал ямар вэ?” хэмээн найр тавьж, би ч бөөн баяр болж билээ. Гэтэл нэг өдөр “Манай хорооны дотор Соёлын санг төрийн байгууллагын эсрэг юм шиг ойлгодог улс байна. Ханд вангийн өргөө бүтсэнгүй. Гэсэн ч би хамтын ажиллагаагаа өргөжүүлнээ” гэж билээ. Харамсалтай нь Д.Бямбасүрэн гуайн засгийн газар удаан оршин тогтнож чадаагүй юм.
Ерэн есөн онд ч билүү дээ, нэг удаа 10-р хороололд байх Бадрууганыд бид хамт очиход номын сангаасаа миний бичсэн “Билгийн мэлмий нээгч” хэмээх номыг сугалж гаргаж ирээд хуудсыг эргүүлснээ “1992.06.26 Монгол улсын соёл урлагийн хөгжлийн хорооны дарга Б.Бадрууган, Оросын Соёл, жуулчлалын яамны сайд Е.Ю.Сидоров нар хоёр орны соёлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Мигжэд Жанрайсиг, Майдар зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг эрж хайх, тодруулах зэрэг олон асуудал уг гэрээг хэрэгжүүлэх хөтөлбөрт орсон байна” хэмээн уншаад, номын 165-р хуудсанд тэр үеийн сонинд энэ талаар бичсэн дэлгэрэнгүй өгүүллийг нааснаа үзүүлээд “Өөрийнхөө түүхийг баталгаажуулж байгаа нь энэ. Би Жанрайсиг бүтээхэд оролцсон нь үүгээр гэрчлэгдэж байгаа юм” хэмээн нэг их сайхан инээж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм.
Соёл урлагийн хөгжлийн хороо татан буугдсаны дараа тэрбээр уран бүтээлийн ажилдаа шамдан орж, хэд хэдэн уран сайхны кино хийсэн билээ. Ялангуяа түүний “Шинэ үсгийн багш” кино үнэхээр мундаг. Кинонд Бадрууган нэг ч гарахгүй мөртлөө киноны турш Бадрууган харагддагсан. Би тэр киног гарах болгонд эхнээс нь дуустал үздэг юм. Тэр кинонд жүжигчин Лхамхүү гуайг ёстой нээж чадсан даа. Өвгөний тэр дүрд би үнэнхүү дуртай. Үйл явдлын хошин аяс, ухаалаг тавилт, ёгтлол, монгол ахуй… ер нь сайн даа.
Бадрууганы уран бүтээлээ ирмүүн хийж байсан тэр үе бол Монголд мөнгөний хомсдол нүүрлээд уран бүтээл хийхэд хамгийн төвөгтэй асан цаг л даа. Гэвч тэрбээр даацтай бүтээлүүд туурвихын зэрэгцээ Радио телевизийн дээд сургуулийг байгуулж чадсан юм.
Нэг өдөр Бадрууган маань миний өрөөнд орж ирэв. Их л цээж тэнэгэр, нүүр дүүрэн инээмсэглэж хөгжилтэй яриа хөөрөөгөө өрнүүлэнгээ “Өвгөн чинь өр ширээ дарчихлаа. "Нөгөө ноосоо тушаачихлаа, намаасаа гарчихлаа. Бүх юм жин тан" гэдэг шиг болоод байна” хэмээн жаахан ярьж суугаад гарсан даа. Бодвол кино уран бүтээлүүдээ хийх үедээ зээл зуул тавьж байсан байх л даа. Яаж ийгээд нуруун дээрээсээ ачаагаа авч хаяад явж байсан нь тэр байх. Бас аавынхаа өвийг цэгцлэх, ном бүтээлүүдийг нь хэвлэх, баримтат кинонуудыг нь эмхлэх тухай ярьж байсан санагдана. Бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байжээ.
Монголын соёл урлагийн байгууллыг толгойлж, түүний халуун тогоонд чанагдаж явсан нэртэй уран бүтээлч, соёлын зүтгэлтэн түүнийг Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд үдэхэд хөгжмийн зохиолч Р.Энхбазар бид хоёроор талийгаачийн шарилын баруун зүүн мөрийг түшүүлэхээр комисс шийдсэн байв. Тийн биднийг өргөөний хаалгаар шарилыг аваад гарах үед,
Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрин зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай
Дэлхий ээж тандаа би хайртай…гэх цээл хоолой, гитарын аялгуу эгшиглэсээр байж билээ. Тэр бол ихээхэн учир утгатай үдэлт байжээ. Чухам тэр агшинд би Бадрууганы дуу хоолой дэлхий ээждээ мөнх хадгалагдан үлдсэнийг мэдэрсэн юм.
Бадруугантай анх танилцсаныхаа дараа түүний нэрийн учрыг хэдэнтээ эрэгцүүлсэн бодсон удаатай.
Бадраа = Бадр(аа)
= УУГАН
Бадарч = Бадар(ч)
хэмээх нь алтан ургийн үл тасрах залгамж холбоосын томъёо мэт санагднам.
2012 он

